"ТҮМЭН ШИНЖИТ МОНГОЛ АДУУ" ХЭМЭЭХ БҮЛЭГ ОРШИВОЙ
АЖНАЙ ХҮЛЭГ-АРВАЙХЭЭР МОРИНЫ ДОМОГ, ТҮҮХ
Монголын даян хаан Батмөнхийн отгон хүү Гэрсэнзийг Халхын эзэнд өргөмжилж, хожим түүний гуравдугаар хүү Онох Үйзэн ноён халх монголын төвийг захирсан бүлгээ. Онох Үйзэн ноёны ахмад хөвгүүн нь халхын Очирбат Түшээт хаан Автай (1534-1588) билээ. 1655 онд Халхын долоон хошууны нэг Түшээт хаанаас Сайн ноёныг салгаж наймдахь хошууг байгуулжээ. Харин Сайн ноён хан аймаг 1725 онд бие дааж Халхын дөрвөн аймгийн нэг гэгдэх болсон байна. Үүнээс өмнө 1709 онд Сайн ноёны хошуунаас Агь Үйзэн гүний хошууг тасдан ноён Цэрэндашд өгч тусгаар хошуу байгуулсан байна. Яг 1709 онд Ламын гэгээний хоёрдугаар дүрийг тодруулахтай давхцан Агь Үйзэн гүний хошууг байгуулсан давхар баяр цэнгэлийн үө (Д.Даваа 2007)-д цуутай хурдан "Арвай хээр" хэмээх морь тодрон гарч ирж аймаг, хошууны болон Даншигийн их, бага наадмуудад 20 орчим удаа түрүүлсэн гэдэг домог, түүх үнэн билээ. Төв халхын хамгийн алдартай хурдан хүлгийн домог, түүхийг Барь лам номч мэргэн гүүш Дамцагдоржоос эхлэн судлаач Б. Содном,
Ж. Дүгэржав (1956), доктор С. Ичинноров (1965), Г.Михайлов (1967), Д.Базаргүр (1967), доктор Д.Цэрэнсодном (1968), С.Дамдин (1971), У. Загдсүрэн (1972), Гавъяат багш Д.Чойжилсүрэн, төрийн шагналт зохиолч Л.Ванган, ардын уран зохиолч Т.Галсан (1957), зураач Д.Сандагдорж, уран барималч Ч.Дашзэвэг, Н.Даваадаш(1988), дипломат албаны түшээ М. Арслан (2003), хөгжмийн зохиолч, төрийн шагналт Чинзориг (1990), гавъяат жүжигчин А.Энхтайван, Н.Чулуунхүү яруу найрагч С. Амартайван, Ж. Батсайхан, нарын судлаач, уран бүтээлч олон хүн судалж, цогц бүтээл, түүхэн баримт бичиг, ном тохимол, найраглал, уран зураг, уран баримал, жүжиг, ерөөл, магтаал, дуу, шүлэг, аман зохиолын дээжийг туурвижээ. Энэхүү домгийг нарийвчлан тууштай судалж, түүхэн он цаг, газар ус нэр, үйл явдалтай бодит хурдан хүлэг болохыг хоёр өөр сурвалж баримтаар хөдөлшгүй тогтоосон судлаачид нь У.Загдсүрэн (1972), С.Ичинноров(1965, 2004)нар мөн.
Нэгдүгээр хувилбар ( Б. Содном 1956 он) Б.Содномын 1956 онд эмхэтгэсэн "Мал аж ахуйн холбогдолтой ардын аман зохиол" товхимолд судлаач Ж.Дүгэржавын тэмдэглэн авсан "Арвагар хээр морь" домгийг анхны хэвлэсэн байна. Эрт дээр цагт Агь Үйзэн вангийн баян Балбарын бэр болсон харц ард Гомбын охин "хурдан морь болно" хэмээн шинжин байж, аянчны даахитай, арвагар жаахан хар даагыг "хоёр гүүгээр арилжин авсан" гэнэ (домгийг товчлов Д.Д). "Даахин дор морь, даалимбын цаана баатар" байдаг гэгчээр хошууныхаа наадамд даахинаасаа салсан хээр (Домогт шүдлэнд нь уралдсан гэжээ. Тэр цагт зөвхөн бага морь буюу хязаалан эсвэл дунд морь соёлонгоос эхлэн уралддаг байсан байж магадггүй юм.) үрээгээ уралдуулахад түрүүлсэн гэнэ. "Алтан жолоо арвагар хээр" алдар цолыг хүртсэн тэр хүлэг Долоон хошуу наадамд хорь шахам жил дандаа түрүүлжээ. Нас хөгширч арвагар хээр морь зөнөглөн, уяа эхлэхэд уяан дээр ирж зогсоод явахгүй байж гэнэ. Морьд үсэргэхэд дагаж давхиад уралдаад байж гэнэ. Түүнийг өрөвдсөн эзэн хүүхэн "заяа нь гомдоно" гээд наадамд авч яваад уралдуулжээ. Өтөлж хөгширсөн аравгар хээр морь уралдааныг өнгөлөн давхисаар бариад орохын алдад баян Балбарын нэг морь зуузай холбон ирж, зөв талаар нь дайруулан түрүүлгэхэд өвгөн хээр чанга чарлан, тэр морины сүүлний угийг хазаж аваад дороо үсрэн ойчиж, үхжээ. Наадамчин олны хүсэлтээр түрүүлсэн морины шагналыг эцсийн удаа арвагар хээр моринд олгож, эзэн хүүхэнд гардуулжээ. Арвагар хээрийн цогцсыг анх уралдаж түрүүлсэн "Шар тал" гэдэг газар бунхал (авсанд хийж оршуулсан гэжээ)-сан гэнээ. Үүнээс хойш Агь Үйзэн вангийн хошууны нутаг Шар талыг "Аравгар хээрийн тал" гэдэг байсан ба удаан хугацааны турш ард түмний хэл яриагаар дамжигдсаар "Арвай хээрийн тал" гэж нэрлэгдэх болсон гэж ярьдаг ардын домог байдаг юм гэжээ. Энэ домогт гарч байгаа Агь Үйзэн ван (гүн)-гын хошууны болон Шар талын нэр түүхэн баримттай нийцэж байна. Арвай хээр морины уг гарвлыг холын аячны авч явсан харийн хошууны даахит хар даагатай холбосон байна. Зарим аман мэдээгээр Шар талаар баруун хойноос зүүн өмнө зүг одох өртөөний хэд хэдэн зам байсан гэх бөгөөд уг морийг зүүн хойд хэсгийн өртөөний харчин (Хан хөгшин, Хайрхандулаан ) -гуудын адууны гаралтай гэдэг гэнэ. Мөн Арвай хээр морь тэр хошуу наадамд түрүүлсэн бол дээдэст өргөгдөн, түүний нэр алдраар дархлагдан олонтоо түрүүлсэн байж болох юм. Үүнтэй домогт гараад байгаа баян Балбарын нэр (ламын гэгээн Лувсанванчинбалбар-Балсамбуу) холбоотой байж болох юм. Хэрэвээ энэ таамаглал нотлогдвол алдарт Арвай хээр нь Ламын гэгээний хоёрдугаар дүр Лувсанванчинбалбар-балсамбуугийн морь болж таарна (Д.Д).
Хоёрдугаар хувилбар (Тангадын Галсан 1957 он) Төрийн шагналт, ардын уран зохиолч, яруу найрагч Т. Галсан цэл залуухан 19 настайдаа "Арвай хээр" найраглалыг бичиж, багш доктор М. Гаадамбадаа үзүүлэхэд "...эхлэн бичигч, залуу зохиолчийн үе шатыг алгасч шууд яруу найрагчийн зэрэгт хүрлээ..." хэмээн үнэлж байжээ. Энэ найраглалаас хойш Арвай хээр морины алдар суу нийтэд ихэд дэлгэрсэн гэж М. Арслан тэмдэглэжээ. Т.Галсан "...Агь үйзэн гүний адууны даамал Эрэндоо гэж байж гэнэ. Өмнийн говьд ноёнхоо адуун сүргийг оторлохдоо тахийн азарганд гүү хураалгаж авсан эрлийз даага нь соёолон моринд гүйцэгдэхгүй хурдан байсан ..." гэх домгийг үндэслэн Арвай хээрийн туульсыг туурьвижээ.
АРВАЙ ХЭЭР
(домог туульсын найраглалаас)
Азарга, азаргаар адуу
Алаглан шаазгайрдаг Арвайхээр
Агь гангийн үнэрт нь
Солонго согтуурдаг Арвайхээр...
... Өмнийн говьдоо Эрэндоо
Өнтэй өвөлжөөд буцжээ...
...Тавилан хатуу зудад
Даага ч алдаагүй атлаа
Тахийн догшин үрээнд
Тамирдсан азаргаа бариулжээ.
Энэ гайтай гарзанд
Эрэндоо баярласан нь учиртай
Эдийн дээд хадаг өргөсөөр
Эзэндээ бараалхсан удаатай...
...Тахийн азарганд зориуд
Хориод гүү хураалгасан юм...
...Сайн санаж яваад
Хохимойдоо булуу хураалаа
Сан хөмрөгөөс одоо
Хориод гүү дутлаа...
Аги түүнийг сонсуутаа
Нойрмог нүд нь сэргэжээ
Адуугаа би тахинаас
Булааж авчиръя гэжээ...
...Аян дайнд мордсон
Хөлөг баатрын дүрээр
Арван хэдэн морьтон
Хөхрөх алсыг зорьжээ...
...Хонон өнжин бэдэрсээр
Тандсан сүргээ ч харжээ...
...Таван саахалт давхиад
Хээлтэй гүүнүүд эцэв
Тахийн догшин азарга
Хэрцгий анчид уруу дайрав
Эхэнд явсан Эрэндоог
Эмээлтэй морьтой нь дайран унагав
Энэ л мөчид Аги
Өдтэй сумаа нисгэв.
Зүхэндээ сумтай азарга
Тэнгэрт цойлоод унажээ.
Зүггүй Агийн алдар
Тэр л нутгаар дуурсжээ...
...Үлдсэн ганц даагын нь
Эрэндоо ноднин сойжээ
Үрээ настай уралдаад
Эгээ л саахалт түрүүлжээ
...Аагт нь ившээлгээд тавьсан
Аргай нумын сум шиг
Агаар зүсэн буух
Аадрын гал аянга шиг
Хурдан хээр даагыг...
...Азарга адуугаар өгчих гэж...
...Холбоо хониор авъя гэж...
...Хоёр зуун атаар гэж...
...Ламын гэгээн хэлүүлэв.
гэх зэргээр тахь, адууны эрлийз хурдан удам үүсгэснийг туульсдаа өгүүлсэн нь сонин байлаа.
Гуравдугаар хувилбар (Д. Чойжилсүрэн 1968 он)
Хүн, тэнгэр, риймод гурван эзэнтэй
Хүлэг, чигтэй, арвай гурван ижилтэй
Монголын хурдан морины уралдааны түүхэнд заримдаг говь-хээр нутгуудаас гарвалтай арслан мэт төрхтэй, асар тэнхээтэй, хурдан хурц хөлтэй "арвай шиг хийцтэй" жижигхэн чийрэг биетэй, шагай шиг түмэн эхүүд тодорсоор байдаг нь үнэн билээ. 1990 -ээд оны уралдааны түүхэнд мөнхөрсөн дархан аварга Ж.Мөнхбат, алдарт уяач М.Данзанням нарын нэрээр улсад дөрөв түрүүлсэн их уяач Тожилын адууны удамтай "аварга хүрэн " азарга, түүний дээд доод удмууд жижигхэн биетэй, чийрэг чанга чухам араг яс, арьсандаа багтаж ядсан булчин шүрмэстэй хүлгүүд бүлгээ. 15, 16 дугаар зуунд говь-хээрийн нутгуудад зэрлэг тахь, адуутай нийлэн бэлчээрлэж, монгол адууны гүүнээс эрлийз унага төрдөг байсан нь жирийн үзэгдэл байсан билээ.Монгол адууны гүүнээс төрсөн тахийн азарганы үрийг "арвай" хэмээн өхөөрдөн нэрлэдэг байсан байж болно. Энэ үг нь арвайсан, бурзайсан арвай шиг жижигхэн хэмээсэн утгыг илэрхийлсэн байж болох юм. Монголчууд ер нь "... унаганы ахыг сарваа ..." гэдэг бөгөөд нь энэ үг "... арвайн ах сарваа, сарвааны ах даага..." хэмээсэнтэй утга нэг биз ээ. (Д.Даваа.2008 он)
Дөрөвдүгээр хувилбар (С.Дамдин 1971 он)
Хангай, говийнхоны "мэнд солилцох наадам"-д Арвайхээр гэгч дөрвөн настай морь говиос ирж төрүүлжээ. Цорвон Цоодол гэдэг хүн "Энэ миний морь мөн. тагнайдаа мэнгэтэй, сүүлний угны хоёр талд арьсан дор хар, цагаан чулуу бий" хэмээн зарга үүсгэж луйвардан арвай хээрийг авсан гэж домогт өгүүлжээ. Тэр Цорвон Цоодол өмнө нь говьд эрлээр явж байгаад босоо унасан хээр унагны сүүлний арьсыг ярж чулуу хийсэн, тэгээд байнга тандаж байсан, уралдаж ирээд эвшээхэд нь тагнайн мэнгийг үзсэн гэх зэргээр ярьдаг байжээ.
Тавдугаар хувилбар ( У.Загдсүрэн 1972 он)
Гандандэгчилин хийдийн номын санд хадгалагдаж байгаа "Цог төгөлдөр зуун язгуурын түгээмэлийн эзэн Очирсадын мөн чанарт богд гэтэлгэгч гэгээн лам Лувсанцэвээнцавчиг-Баламсамбуу гэгээний намтрын товч төдий өгүүлсэн сайн хувьтын эгээрлийг хангах ГАЛБАРВААСАН МОД хэмээх оршив" сударт ... Ламын гэгээний хоёрдугаар дүр Лувсанванчинбалбар-Балсамбуу арван хоёрдугаар жарны газар тэтгэгч хэмээх модон эм тахиа буюу хөхөгчин тахиа жил (1705 он) Сайн ноён хошууны харъяат (Өвөрхангай аймгийн Уянга, Нарийнтээл, Тарагт, Хайрхандулаан, Гучин-ус, Баруун баянулаан, Богдзэрэгсумдын нутгийг хамарч байв) зүүн хэсгийн ( Гучин-ус сумын Аргун голоос Богд сумын Арц Богд хүртэлх нутаг) Тавнан Баанийжавын хүү болон мэндэлжээ. Түүнийг дээдсийн төрөл мөн хэмээн итгэн ярилцаж байсныг Богд гэгээнээс ч нэгэн адил тэтгэн тусалжээ.Онгийн голын (Хангай нуруунаас эх авч Арвай хээр хотын зүүн биеэр 20 км-ийн зайтай урагш урсдаг) "Пур ширээт" (Онгийн голын баруун бие, Арвай хээрийн талын зүүн өмнө үзүүр бөгөөд Тарагт сумын нутагт орно) хэмээх газар Сайн ноён хан аймаг (энэ аймаг хараахан тасран салаагүй байсан үе тул ташаарсан байх Д.Д) -ийн нийт олон ноёд, сайд олноор хуран цугларч, эл хувилгааныг арслан ширээнд залж, өлмий өнө удаан бататгахын Даншиг мандал өргөж ёслол гүйцэтгэн наадам хийж мянган морь уралдуулахад Арвай хээр хэмээх нэртэй морь түрүүлж ирсэн тул уралдааны тэрхүү газрыг "Арвай хээр" хэмээн алдаршуулан (Өвөрхангайн Тарагт сумын нутаг Арвай хээрийн тал мөн) нэрлэжээ. Тэр үед Богд Жавзундамбын эцэг "Түмний эх" хэмээх монгол ардын уртын дууг дуулав гэжээ. Судлаач У.Загдсүрэн цааш нь "... Энэ тухай Ламын гэгээний гуравдугаар дүр Лувсанцэвээнжав
(1793 -1846 Цавчиг-Балчигсамбууг гэсэн байна)-ын намтарт дурьдсан гээд харьцуулсан судлагааны дүнд 1730-аад оны үөд дээрх наадмыг хийсэн илэрхий байна " гэж дүгнэжээ. Тэрээр цааш нь "... аравгар хээрийн тал аажимдаа Арвай хээрийн тал болж хувиссан (Д.Содном, Ж. Дүгэржав), арвай будаа тарьсан хээр талын нэр байх (Д.Цэрэнсодном), говиос ирсэн дөрвөн настай морийг түрүүлэхэд нь луйвардан авсан (С.Дамдин), шүдний цөгц нь арвай эргэм гүн шинжтэй арвагар шиг жижигхэн тарваган морь байсан байх (Д. Чойжилсүрэн) гэх зэргээр уг үгийг тайлбарлах гэсэн олон мэдээ, судалгаа, таамаглал гарсан ч гэсэн угтаа юуны нэр болох нь тодорхойгүй байна. Гэтэл түүний нууц оньсыг Ламын гэгээний хоёрдугаар дүр Лувсанванчинбалбар-Балсамбуугийн намтар дахь мэдээ баримт тайлж, Арвагар хээр ... бус харин угаас "Арвай хээр" гэсэн нэртэй морь байжээ " хэмээн судалгаагаа төгсгөжээ. У.Загдсүрэнгийн судалгааны гол ач холбогдол нь дээрх олон янзын таамаглал, дэл сул яриа, эрээвэр хураавар судалгааг таслан зогсоож, судалгааны хэрэглэгдэхүүнээс шахан гаргаж, атар хээр тал, хотол хошууны болон хотын нэр болтлоо дээдлэгдсэн "Арвай хээр морь"-ийг түүхэнд эзлэх байр сууринд нь залсан оршино.
Зургаадугаар хувилбар 1965-2004 он хүртэл Чинос Сэмчигийн Ичинноров доктор нутгийнхаа алдарт Арвай хээр хэмээх үлгэр домгийн хүлгийг судалж, үнэн бодит түүхэн цаг үе, газар орныг нотлон тогтоосон байна. Тэрвээр Дундговь аймгийн Сайхан-овоо сумын нутагт оршин байсан Онгийн хүрээний Барь лам номч мэргэн гүүш Дамцагдоржийн зохиосон "Сайн хувьтны хүслийг хангагч сайхан Галибирва мод" сударт "...Түшээт ханы Тавнан Бааньжавын хөвгүүн Лувсанванчинбалбар (1705-1788 Балсамбуу гэсэн байна)-ыг таван настайд нь Эрдэнэ бандид хутагт ламын гэгээний хоёрдугаар дүрд тодруулан арслан ширээнд өргөмжилсний Баторшил өргөх Даншиг наадам Онгийн голын Пур ширээ гэдэг газар 1709 оны шарагчин үхэр жил болжээ. Тэр Даншгийн их насны морины уралдаанд 1000 гаруй хурдан хүлэг уралдсанаас Арвай хээр хэмээх морь онцгой хурдлан түрүүлсний дурсгал болгож уралдаан болсон газрыг Арвай хээр хэмээн нэрлэх болов" гэсэн байна гэжээ. Ийнхүү тэр их наадмын түүхэн цаг үеийг 1709 он гэж тогтоосон байна.
Судлаач тэрхүү Пур ширээ хэмээх газрыг тогтоох оролдлого хийжээ. Арвай хээрийн төрсөн нутаг Сайн ноён ханы Аги Үйзэн гүний хошууны Шар тал орчмын сав нутагт эртнээс уламжлан ирсэн морь уралдуулдаг уламжлалтай газрыг хайн тогтоохыг зорьжээ. Тэгээд Арвай хээр хотоос 80 км-ийн зайтай Баянгол сумын нутаг дахь Их ширээ хэмээх газрыг Пур ширээ мөн гэж үзжээ. Их ширээ нь Арвайн талын үргэлжлэл өгсөн уруудан нүүдэллэдэг нутаг ажээ. Мөн судлаачаас "Эрдэнэ бандид хутагтын гуравдугаар дүр Лувсанцэвээнжав-балчигсамбуу (цавчиг балам гэсэнгүй) гэгээний намтарыг товч өгүүлсэн нь" сударт дээрхийг давтсан гэжээ.
Мөн домогтой холбоотой худаг, Арвай хээрийгонголсон уул, овоог тогтоожээ. Сайн ноён ханы Агь Үйзэн гүний хошууны ноёны их сүргийн адуучин Хүдэр гэрсүү адуун сүргээ задгай уснаас зайдуу маллаж, худгаас услахдаа дутуухан услаад алс бэлчээрт хөөн гаргадаг аргатай байжээ. Ингэж малласан адуу шуурган сөрдөг, ус бэлчээртээ тогтовортой хоргодож чаддаг байжээ. Хүдэр гэрсүүгийн туслахуудаас хэн нэг нь худаг уруу цувсан цангасан адууг ханатал нь услаад гаргаснаас дотор, гаднаасаа хүйтэнд хайрагдсан адуу шуурга уруудаж их говь хүрсэн гэдэг. Тэр домогт гардаг "Гэрсүүгийн худаг" аймгийн төвийн баруун урьдхан 3 км зайтай байдаг. Домогт өгүүлснээр тэр нутгийн "Гэрсүүгийн худаг"-аас усалсан их адуун сүрэг усан шамарганд уруудаж түрүүч нь Их цагаан хэрэм хүрч гэнэ.
Олон сарын дараа алдарт арвай хээр морь хүзүүндээ олсны тасархайтай эх нутагтаа цор ганцаар гүйн ирээд Шар талд байхыг харсан эрэлчний "арвай мэт ганцаар байсан " гэх домог яриа тарахжээ. Хожим хайртай хурдан хүлгээн мөнхөлж "Арвай хээр"-ийн нэрийг төрж өсөн, өтөлсөн "шар тал"-д өгч, молор эрдэнэнийн толгойг нь хадганд боож Өгөөмөрийн өлзий учрал бүрдсэн өндөрлөгт онголоод дараа нь Хөгшин тээл хэмээх уулын оройд залсан гэдэг. Үүнээс хойш Хан хөгшин уулын хошуунд хурд шилжсэн гэнэ.
Долоодугаар хувилбар (М. Арслан 2003, 2007 он) 2007 онд Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, Монгол улсын "дипломат албаны түшээ", Бөөнийхэн овогт Моломын Арслан өөрийн бүтээл "Цуутай хурдан ажнай АРВАЙХЭЭР" номондоо "...Онгийн овооны Даншиг гэж Өвөрхангай аймгийн Баянгол сумын ахмадууд ярьдаг байжээ. Онгийн овооны Даншиг наадамд төв халхын олон хошуудаас 1000 хүлэг ирж уралдахад Арвайхээр түрүүлж нэрд гарчээ. Хурдан морьдыг одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Дугана тээгээс тавьж, Онгийн овоонд барьсан гэдэг. Энэ зам нь 50 гаруй км хол газар учир олон морь бахардаж үхсэн ба сүүлчийн морь маргааш нь ирж байсан юм гэнэ лээ гэж уг сумын уугуул Дайчирын Дондов, Борын Самба нар 90 орчим настайдаа ярьдаг байсныг 80 настай Борын Чойжамцхуучилсан..." хэмээн 2003 онд "Үнэн" сонинд мэдээлснээ дурьджээ.
No comments:
Post a Comment